ӨМНӨГОВЬ: Сурагчид англи хэлний зуны сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-25 08:37:25

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар “Бээст” англи хэлний сургалтын төвтэй хамтран “Англи хэлний зуны зуслан” сургалтыг зохион байгууллаа.

 

Тодруулбал, “Чадварлаг багш хөгжсөн хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд гадаад багштай англиар ярьдаг зусланг Буянт хотхоны гуравдугаар ээлжид хичээллүүлж байна.

 

Даланзадгад сумын ерөнхий боловсролын 2-8 дугаар ангийн 146 сурагч амрангаа суралцах юм.

 


Тус зусланд долоо хоногийн хугацаанд хичээллэх ба Австралийн Холбооны улсаас Аштон Чэри багш урилгаар гэр бүлээрээ хүрэлцэн ирж сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтад хамрагдсанаар хүүхдүүд өдөр бүр үеийн найз нартайгаа англиар чөлөөтэй ярьж, өөрсдийгөө илэрхийлж, мартагдашгүй, хөгжилтэй дурсамжийг бүтээн, сэтгэл зүйчийн хувь хүний хөгжлийн чиглэлээрх сургалтуудад хамрагдаж байгаагаараа үр дүнтэй.

 

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд:

-Зуны амралтаар сурагчдад зориулан англи хэл сурах, хэлний мэдлэгийн түвшнийг нь ахиулах зорилгоор үе шаттай ажлууд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Даланзадгад сумын ЗДТГ-тай гэрээтэй ажилладаг БНСУ-ын Жонжү хотын “Пижон” их сургууль болон Даланзадгад суманд англи хэлний сургалт явуулдаг гурван сургалтын төвтэй хамтран 26 хүүхдийг шалгаруулан сурагч солилцоогоор гурван багшийн хамт явуулахаар болсон. Тэгвэл энэ удаа бид “Бээст” сургалтын төвтэй хамтран зуслангийн зуны англи хэлний сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын онцлог нь Австралийн Холбооны улсаас мэргэжлийн багш, сэтгэл зүйч нарыг урин авчирч байгаа юм. Сурагч солилцоо хөтөлбөрийг хамгийн хямд зардлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тул хүүхдүүд сайн сураад, ирэх жил сурагч солилцоонд хамрагдах боломжтой.

Related news