БУЛГАН: Төслийн баг 360 сумыг “Сумын хог хаягдлыг зохицуулах төв”-тэй болгохоор зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-28 16:31:27

Булган. 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “КАРИТАС ЧЕХ РЕПАБЛИК” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Европын холбооны санхүүжилттэй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2020 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн байна.


Булган аймагт төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэх зорилгоор төслийн баг тус аймагт ажиллалаа.


“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн багийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг холбогдох албаны хүмүүстэй хүлээн авч уулзлаа. 4 жилийн хугацаатай хэрэгжсэн тус төслийн үр дүнг ярилцаж бусад суманд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Төсөл хэрэгжсэнээр Хишиг-Өндөр суманд 2021-2024 оны “Сумын хог хаягдлыг зохицуулах төв”-тэй болж, нутгийн иргэдийн мэдлэг, ойлголт нэмэгдэж, урт хугацаанд дахин боловсруулах хог хаягдлын жишиг сум болж байна.


2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хишиг-Өндөр сумын “Сумын хог хаягдлыг зохицуулах төв”-тэй 21 аймгийн Байгаль хамгаалагчид танилцаж, туршлага судалсан байна.


Төслийн хүрээнд “Алтаргана-2024” олон улсын наадамд аймгийн Байгаль орчны газартай хамтран хуванцар хог хаягдал, дахивар цуглуулах ажлыг зохион байгуулснаар 2000 тн дахивар хог хаягдлыг цуглуулж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.


Булган аймгийн хог хаягдлын менежментээр хамгийн сайн зохион байгуулалттай 4 сумыг сонгож, хуванцар хог хаягдал шахах буюу пресслэгч тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна.  



Related news