Хуримтлалын аяныг амжилттай зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Орон даяар сарын турш өрнүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Орхон аймгийн Эрдэнэт хотод хаав. Энэ үеэр хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын тухай илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг олгох аппликейшн танилцуулан, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө, дэвтрээ хэн сайн хөтлөх вэ?” уралдаанд шалгарсан сурагчдыг урамшууллаа.
Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Монгол дахь сан,
Монголын банкны холбоо хамтран уламжлал
болгон зохион байгуулдаг аяныг энэ
жил “Зорилготой хуримтлуулъя” уриа дор өрнүүлж, хүүхэд залууст зориулсан
хуримтлалыг дадал болгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанаас гадна тэдний дунд гар зураг,
цахим орчинд хуримтлалын ач холбогдлыг сурталчилсан зураг, постерын уралдаан
зохион байгуулсан юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-өөр хүүхэд залуусыг
санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад
зорьдог нь иргэдийн санхүүгийн
боловсролыг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах Монголбанкны бодлого, үйл
ажиллагаатай нийцсэн тул 2017
оноос аянд нэгджээ. Улмаар
санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчихөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн
үйлчилгээг таниулах, сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангахыг банк, санхүүгийн байгууллагуудад уриалж, татан оролцуулж,
хамтран ажилладаг. Энэ нь үр
дүнгээ өгч улсын хэмжээнд энэ
оны 9 дүгээр сарын байдлаар хадгаламжийн хэмжээ 24.9 их наяд төгрөгт хүрч,
өмнөх оны мөн үеийнхээс 5.1
их наяд төгрөг буюу 25.7 хувиар
нэмэгдсэн аж.
Дэлхийн улс
орнууд жил бүрийн 10 дугаар
сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” хэмээн тэмдэглэж, энэ
сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, сургалт, сурталчилгаа хийдэг. Анх 1924 онд Италийн Милан хотоос
эхлэлтэй тус аян энэ онд 100
жилийнхээ ойтой золгож байгааг төв
банк мэдээлжээ.