ЗАВХАН: Улиастай сумын ИТХ-аар 17 асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-25 13:52:52

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан 89.6 хувийн ирцтэйгээр өнөөдөр болж байна.


Энэ удаагийн хурлаар 17 асуудлыг хэлэлцэж батлах юм. Тухайлбал, Улиастай сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг танилцуулж батална.


Мөн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулна. Гудамж, хэсэг, байрны дугаар олгох тухай, үндсэн хөрөнгө бүртгэлд авах тухай, 2024 онд орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн төсөл, үйл ажиллагааны гүйцэтгэлийг танилцуулж дүгнэнэ.


Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулна. Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах юм.


Түүнчлэн хоршоо хөгжүүлэх сангийн товыг зарлаж хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны төсвийг батална. Улиастай сумын 2024 оны татварын орлогын гүйцэтгэлийг төлөөлөгчдөд танилцуулж хэлэлцүүлэн 2025 оны төсвийг батална гэж Улиастай сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

 

Related news