БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-12 15:09:36

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ерөнхий боловсролын сургуулийнхан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо захиалан уншиж, үндэсний бичгийн чадвараа дээшлүүлж байна.


Энэ оноос төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтлөх болсонтой холбоотойгоор тус сум нийт төрийн албан хаагчдаа "Хүмүүн бичиг" сониноо захиалан уншихыг уриалж байгаа бөгөөд улсын хэмжээнд хамгийн олон захиалагчтай сум болоод байна. Тус сургуулийн хамт олон долоо хоног бүрийн лхагва гарагт сонин уншлагын цаг гарган, нийтээрээ үндэсний бичгийн чадвараа дээшлүүлдэг уламжлалтай болжээ. Уншлагын цагийг сургуулийн монгол хэл, үндэсний бичгийн багш нар чиглүүлэн, нийт төрийн албан хаагч болон монгол бичиг сонирхогчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг байна.


Шинэжинст сумын Ерөнхий боловсролын сургууль 2024-2025 оны хичээлийн жилд 24 багш, 2 удирдах ажилтан, 17 үйлчилгээний ажилтан, 451 сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийнхан 2024 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 82.3 хувь буюу 2 түвшинд үнэлэгдсэн амжилт гаргажээ.


Мөн багшийн хөгжил, сурлагын чанар, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах үүднээс орон нутгийн чанартай "Чадварлаг багш хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн ажиллаж, ажил мэргэжлээрээ амжилт гарган ажилласан 13 багшид 30.000.000 (гучин сая) төгрөгийн урамшууллыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж бусад байгууллагатайгаа хамтран үр дүнтэй ажиллаж байна.

Related news