Улсын хэмжээнд он гарсаар 14 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилттай өдрүүд эхэлж, ой хээрийн түймрийн тохиолдол эрс нэмэгдэж байна.
Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт зэрэг дөрвөн аймгийн 11 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Одоогоор Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгааг албаныхан хэллээ. Урьдчилсан байдлаар 71495 га талбай, 16 гэр, 22 хашаа, саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ярихдаа, “Бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн дийлэнх нь сумдын төвлөрсөн хогийн цэг, гэрийн яндан, ил галаас үүсвэрлэн гарсан. Энэ төрлийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажил хийдэг ч иргэдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан түймрийн тоо буурахгүй байна. Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг хүсье” гэв.
Түймэр унтраах
ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон
нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтай үүрэг гүйцэтгэжээ.