Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2025-03-12 08:51:55

Прага, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцсон юм.


Зургаадугаар сарын 22-ныг хүртэл толилуулах тус үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ. 


Францын Нант хотноо 2023 онд, Улаанбаатар хотноо 2024 онд “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэрээр гаргасан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан ийнхүү “Чингис хаан” нэртэйгээр дэлгэжээ.  Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.  



“Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.


Нээлтийн үеэр 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Прага хотноо 2027 онд хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурлаа.



Related news