Хүүхдээ тэвэрч хатгалгаанаас хамгаалах өдөр маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batsaikhan@montsame.mn
2016-11-12 16:42:18

Дэлхий нийтээр  2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2016 онд уг өдрийг “Амлалтаа биелүүлцгээе-Хатгалгааны эсрэг хамтдаа”уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Уушгины үрэвсэл буюу хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болж, жил бүр 2 сая гаруй хүүхэд  эндэж байна. Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдэл буурахгүй  байгаа тул уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг багасгах  “Хөгжлийн мэдээлэл харилцааны (C4D) стратеги”-ийг боловсруулан, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа юм. Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Скаймедиа, МҮОНРТ-тэй “Хамтын ажиллагааны санамж бичиг” -т энэ сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жудит Бруно, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Сүрэнчимэг, МҮОНРТ-ийн ерөнхий редактор Г.Ханхүү, Скайтел группийн Бизнес хөгжлийн төвийн захирал Ч.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ба ЭХЭМҮТ-ийн эмч, ажилчид энэ ёслолд оролцлоо.

МҮОНРТ, Скаймедиа (УБ ба орон нутгийн 55 мянга гаруй хэрэглэгчтэй), Юнивишн (УБ ба орон нутгийн 100 мянга гаруй хэрэглэгчтэй) компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хариуцан хийх болсонд таатай байна. Скаймедиа компани “Эрүүл мэнд - Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг IPTV үйлчилгээний видео сандаа үнэ төлбөргүйгээр байршуулж, МҮОНРТ үнэ төлбөргүйгээр олон нийтэд цацах болсон байна. Эцэг, эхчүүд дээрх нэвтрүүлгийг тогтмол үзэж, хүүхдээ өвчлүүлэхгүй байхаас гадна хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулж хүүхдээ байнга тэвэрч, хатгалгаанаас хамгалалх хэрэгтэй. Маргааш эхчүүдийг хүүхдээ тэвэрч хатгалгаанаас хамгаалаарай гэж ЭХЭМҮТ-ийн Захиргаа, Сургалт, сурталчилгааны албанаас зөвлөж байна.

Ж.Батсайхан

Related news