ДОРНОГОВЬ: Цагаан зандан мод
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн үзэсгэлэнт газрын тухай цувралаар хүргэж байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урагш 100 орчим км зайд бага дархан цаазат газарт оршдог Шар хад уулсын баруун урагш харсан нэгэн жалганд ганцаараа ургадаг нэгэн төрлийн мод бий.
Энэ модыг нутгийнхан цагаан
зандан мод гэдэг. Тус
аймгийн Улаанбадрах сумын уугуул, зохиолч, сэтгүүлч, лам Дэлэгийн Норовын "Дорнын
говийн есөн гайхамшиг" номд цагаан зандан модны тухай юу бичсэнийг хүргэе. Дэлхийн хэмжээнд маш цөөн
байдаг гэлцэх модыг нутгийнхан цагаан зандан хэмээх бөгөөд дэлхийд ховорхон байдаг
гэж ярих нь бий. Ийм мод Энэтхэг улсад
ч байдаг гэдэг.
Уул мод нь уулын жалганд хэзээ ургасныг хэн ч мэдэхгүй бөгөөд үүнтэй ижил төрлийн
мод сумын нутагт ургадаггүй аж. Цагаан зандан мод нь мушгиралдан ургадаг бөгөөд наймдугаар сарын эхээр цагаан
өнгийн цэцэг дэлгэрүүлэн сагсайн ургадаг өвөрмөц сайхан үнэртэй. Энэ үед хүмүүс
модны ойролцоо очиж суун бясалгал хийвэл маш сайн энерги биед шингэдэг гэж ярилцдаг.
Нутгийн хүмүүс тухайн мод энерги шингээдэг тухай мэдэхгүй байхад харь холын хүн зорин ирж байсан удаатай. Нутгийн нэгэн хүний ярианд “Энэ мод догшин. Газар устай амин холбоотой байдаг гэдэгт итгэдэг. Учир нь урьд цагт эл модонд эд зүйл уядаггүй гэх домогтой байж. Гэтэл нэгэн хүн унаж явсан мориныхоо дэлээс авч уяад орхитол шөнө морийг нь чоно идчихсэн байжээ гэх мэтээр бичжээ.
Өөр нэгэн эх сурвалжаас үзвэл дэлхийн үнэртний зах зээлд цагаан зандан модноос гаргаж авсан тосыг үнэрт тосны хатан хаан гэж нэрлэдэг. Гэхдээ цагаан зандан мод 50-60 жил болж нас бие гүйцдэг бөгөөд энэхүү мод бол нэн залуу учир эдийн засгийн үр ашиггүй төдийгүй зорин очсон хүн бүхэн хайрлан хамгаалах нь чухал гэсэн санааг дэвшүүлжээ.

Ulaanbaatar