ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуйд хамаарах газрын хэмжээг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-22 12:55:39

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Айраг сумын нутагт орших Монголын хамгийн урт, хамгийн том гэх тодотголтой Цагаан дэлийн агуйн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон Ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулжээ.


Цагаан дэлийн агуйн улсын тусгай хамгаалалтад авах саналыг сум, аймгийн ИТХ-ын 2014, 2015 оны шийдвэрээр дээд газарт уламжилж байсан бол 2019 онд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, 2025 оны 09 дүгээр сарын 24-нд Засгийн газрын шийдвэрээр баталгаажсан юм.


Цаашид тус тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй 2025 оны сумын ИТХ-ын тогтоолоор 34 га газрыг өргөтгөн баталгаажуулж, сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар дахин хоёр байршилд нэмэгдүүлэх шийдвэрийг  орон нутгаас гаргаж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.


Агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар амных нь болон дотор хананы жоншийг ашиглаж эвдэж сүйтгэсэн байдаг. Цагаан дэлийн агуй нь сумын төвөөс 25 км, Нард багийн төвөөс 10 км-т оршдог. Баруунаас зүүн тийш 20 метр, хойноос урагш 45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан нүхнээс гэнэт эгц доошоо үүсэн гарсан агуй аж.

Related news