Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд 149 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-25 11:22:04

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 /өвөл, зун, пара/ спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор 250 тамирчин бэлтгэл сургуулилалтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.


Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ. Эдгээрээс 36 нь алт, 43 нь мөнгө, 70 хүрэл медаль байгаа юм.


Тэмцээнээр нь ангилбал насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл, өсвөрийн ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль авсан байна. Харин насанд хүрэгчдийн ААШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл, залуучуудын ААШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл мелаль хүртэв.

Тэгвэл “Их дуулга”-аас  долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна.


Үндэсний шигшээ багийн тамирчдаас 2025 оны анхны медалийг олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах хүртэж байлаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Солонгосын Ганвон хотод болсон тэмцээнээс хос алтан медальтай эх орондоо ирсэн юм. Тэгвэл отгон медалийг мөн л гүйлтийн цанын тамирчид авлаа. Тодруулбал, Солонгост болсон гүйлтийн цанын Азийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 5 км-ын сонгомол зайд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртсэн юм.

Related news