Азийн танхим болон тулааны спортын наадам Саудын Арабт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн танхим болон тулааны спортын VI наадам Саудын Арабын Рияд хотод 2026 оны арванхоёрдугаар сарын 13-21-нд болно.
Найман өдөр үргэлжлэх эл наадмын хөтөлбөрт каратэ, жюү жицү, биллиард, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, муайтай, гандбол, сквош теннис, холимог тулаан, шатар, жүдо, бокс, хүндийг өргөлт, футзал, чөлөөт бөхийн төрөл багтжээ. Харин текболын спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр зохион байгуулахаар Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Энэхүү наадмыг Азийн 45, Номхон далайн бүс нутгийн 18 ҮОХ-ны дунд олимпын, олимпын бус спортын төрлөөр дөрвөн жил тутамд зохион байгуулдаг билээ. 2005 оноос эхлэлтэй тус наадам хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны нийслэл Ашгабат хотод болсон юм. Уг наадмыг 2021 онд Тайландын Бангкок, 2023 онд Чонбури хотод хүлээн авах ёстой байсан ч цар тахлын улмаас цуцалсан байдаг. Тэгвэл есөн жилийн дараа дахин зохион байгуулахаар болж байна.
Ташрамд дурдахад,
Туркменистаны Ашгабат хотод болсон наадамд монголчууд спортын
12 төрлөөр 72 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар 13 дугаар байрт
бичигдэв. Ингэхдээ хүндийг өргөлтийн
тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бол Ц.Батцэцэг
жюү-жицүгийн үнэмлэхүй жинд алтан медаль хүртсэн. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер О.Мөнхцэцэг
бүстэй барилдаан, алиш барилдаан болон туркмен үндэсний бөхөөр гурван алтан
медаль авч, Монголын баг түүхэн амжилтаа үзүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.
Үүнээс гадна тэрбээр алиш барилдааны сонгомол төрлөөр мөнгөн медаль хүртэж, нэг
наадмаас дөрвөн медальтай ирсэн билээ.
Ulaanbaatar