УВС: Удам дамжсан уран дархан аав, хүү хоёр ган тулга урлан бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Увс аймгийн 100 жил, Түргэн сумын 100
жил, Төгсбуянт хүрээний 300 жилийн ойд зориулан Төгс хүлэг дөрвөд далай ханы
алдарт дархан Арсан Хавдарын долоо дахь үеийн ач дархан С.Чинбат, найм дахь
үеийн дархан ган сийлбэрч Чинбатын Ган-Очир нар зуун зуунаар эцэг өвгөдөөсөө
өвлөн ирсэн ур ухаан, шившлэг дом, гар урлалын уламжлалт аргаар ган тулгыг
урлан бүтээсэн байна.

Аав, хүү урлаачид
ган тулга дээрээ удмынхаа Шавгын цэцгийг гурван талд нь гангаар сийлж, Төгс
хүлэг дөрвөд далай ханы тахилын шүтээний гал, удмын тамга болон Таван Дэнхэрваа
уулыг дүрсэлжээ. Энэхүү уулыг ойрад түмний түүхэн өв соёл үүрд мандан бадарч,
дахин түгэн дэлгэрэхийн бэлгэдэл болгон
сийлсэн байна.

С.Чинбат болон түүний хүү, ган сийлбэрч Ган-Очир нар Увс аймгийн Музейд 2025 оны 07 дугаар сарын 22-нд Дөрвөд далай ханы алдарт дархадын тав дахь үеийн уран дархан Ө.Гүнзэн болон эцэг өвгөдийнээ түүхэн бүтээлүүдээр “ХӨХ САР” үзэсгэлэнг гаргасан бөгөөд энэ үеэр өөрсдийн урласан ган тулгыг үзэсгэлэндээ байрлуулжээ.

Улмаар Увс аймгийн Түргэн сумын 100, Төгсбуянт
хүрээний 300 жилийн түүхэн ойн баяраар буюу 2025 оны 07 дугаар сарын 25-нд Дэлгэрмөрөний дэнж дээр тус тулганд гал бадрааж, гал тахих ёслол үйлдсэн аж.
Ийнхүү Монгол түмний сүлд хийморь өнө мөнхөд мандан бадарч байхыг бэлгэдэн “ГАЛДАН БОШГИТ” ханы галыг сэргээн бадраасандаа удам дамжсан уран дархан аав, хүү урлаачид сэтгэл өндөр байгаа юм.



Ulaanbaatar