Зудтай аймаг, сумдад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-22 09:47:21

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат болон яамны газар хэлтсийн дарга мэргэжилтэнгүүд 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга нартай холбогдон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд эрүүл мэндийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэл өглөө. Энэ үеэр Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий зэрэг аймагтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг сонсож, яамны зүгээс зудтай аймгуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 10 гаруй суманд өвөлжилт хүнд, зудтай байгаа бөгөөд тус аймаг сумдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулах, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах нь чухал байна гэдгийг энэ үеэр онцоллоо.

Цаашид эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал цахим хурлыг цуврал болгон хийхээр төлөвлөжээ.

Ж.Болор

Related news