“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат өнөөдрөөс орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-27 09:47:23

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн талаарх “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат орон даяар өнөөдрөөс эхэллээ.


Санал асуулгад нийт 1570 иргэн хамрагдахаас 740 нь нийслэлийн, 830 нь орон нутгийн иргэн юм. Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн судалгааны түүврийн арга зүйг боловсруулаад байна.


Бэлтгэл ажлын хүрээнд эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-нд, уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг энэ сарын 26-нд болсон. Банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцох юм. 


Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Дараагийн үе шатыг Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд  дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах юм.


Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.


Зөвлөлдөх санал асуулгыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах зорилгоор Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, дэд ажын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангасан байна.

Related news