ТӨВ: “Төв-Арж” баг улсын аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-27 20:53:30

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн U15, U20 насны ангиллын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 31 байгууллагын 813 тамирчин оролцсон бөгөөд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын "Төв-Арж" багийн тамирчид оролцсон юм.


Тэмцээнийг 7 алт, 3 мөнгө, 8 хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн байна. Мөн U15 насны ангилалд эрэгтэй багийн дүнгээр 150 оноогоор илт давуу тэргүүлж, Төв аймгийн чөлөөт бөхийн спортын хөгжилд томоохон амжилт үзүүллээ.


Тэмцээнийг Монголын Үндэсний Олимпын Хорооны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан олимпын анхны медальтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга, Олимпын мөнгөн медальт Ж.Мөнхбат, Олимпын хүрэл медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Олимпын хүрэл медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Артаг нарын нэрэмжит болгон зохион байгуулсан байна. 


Тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин Э.Дөлгөөн “Энэ удаад үеийн олон залуустайгаа нэг дэвжээнд барилдаж, туршлага их хуримтлууллаа. Суралцах зүйл ч маш их байлаа. Ер нь тамирчин хүнд тэмцээнд оролцох нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд маш том бэлтгэл болдог” гэв.


Мөн тус тэмцээний алтан медальт тамирчин Ц.Бат-Эрдэнэ “Аймаг, орон нутгийнхаа нэрийг дуурсгасандаа баяртай байна. Цаашид илүү их хичээж, тив, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөхийг зорьж байна” хэмээлээ.



Related news