БАЯН-ӨЛГИЙ: Иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран “Иргэдэд хууль сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 21 аймгийн салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд хамтран иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан иргэдэд хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Тус өдөрлөгт Баян-Өлгий аймгийн төрийн болон хууль, хяналтын байгууллагууд оролцож, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, гарын авлага материал тараах зэрэг ажлыг зохион байгууллаа.


