ТӨВ: Гурван өртөөт тэмцээнээр сурагчдын мэдлэг, дадлыг үнэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Зуунмод суманд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв дадал, аргачлалыг төлөвшүүлэх зорилготой “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний эхний шат 4 дүгээр сарын 27-нд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас эхэлсэн бөгөөд 4-7 дугаар ангийн нийт 592 сурагч хамрагджээ.
Энэхүү тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, дадлыг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнийг гурван өртөө хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд эхний хоёр өртөөнд тус бүр 10 асуулт бүхий асуумжаар мэдлэгийг нь шалгасан бол гуравдугаар өртөөнд шүд угаах аргачлалыг үнэлж шилдгүүдийг тодруулжээ.
Ингэснээр хүүхдүүдийн онолын мэдлэг болон өдөр тутмын дадлыг хамтад нь үнэлж, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Нийт 8 сурагч шилдгээр шалгарсан бөгөөд 97 онооноос хамгийн өндөр буюу 95 оноо авч 4г ангийн сурагч Х.Ууганбаяр, 5в ангийн сурагч С.Ундрахбаяр нар тэргүүлсэн байна. Мөн ангийн дундаж оноогоор 5в анги 79.53 оноогоор нэгдүгээр байр, 5г анги 70.95 оноогоор дэд байр, 7г анги 69.90 оноогоор гуравдугаар байрт шалгарчээ.
