Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-18 23:08:08

Бичил уурхай эрхлэгчдэд Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн ач холбогдлыг ойлгуулах, тэднийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой сургалтыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгууллаа.

Бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн болон эрүүл  мэндийн даатгалд бүрэн хамруулснаар тэдний нийгмийн баталгаа бүрэн хангагдах ёстой. Энэхүү сургалтынхаа талаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал:”Сэлэнгэ аймагт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 300-гаад нь иргэний нийгмийн болон нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд байдаг. Энд нийт 1500-3000 хүн хамрагдаж байна гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэд зөвхөн сайн дурын даатгалд хамрагдах тухай л ойлголттой байна. Өөрсдийнхөө ирээдүй болоод нийгмийн баталгааныхаа талаар ойлголт их хомс юм. Иймээс эднийг цаашид тогтвортой ажлын байртай, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирвал нөхөн олговор олгох, ажилгүйдлийн тэтгэмж олгох, хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээг тогтоож группт оруулах, өндөр насны тэтгэвэрт орох хугацааг нь тодорхойлох ёстой. Энэ хүмүүс 6-10 сарын хооронд 4 сар үйл ажиллагаа явуулаад 10 сараас 6 сар хүртэл нийтдээ 8 сар ажил хөдөлмөр эрхлэхгүй сул зогсдог, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг. Энэ хугацаандаа өөр төрлийн хөдөлмөр эрхэлж яваад осол гэмтэлд өртөх, өөр ажил гүйцэтгэж яваад эрсдэлд орох явдал их байна. Ийм үедээ эдгээр хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас олж авч чаддаггүй. Цэвэр өөрийнхөө санхүүгээс хараат болдог. Иймд энэ хүмүүсийг ажиллуулж байгаа байгууллага нь тухайн жилдээ үйл ажиллагаа эрхэлж л байгаа юм бол ажилтныхаа төлөө байж, бүтэн жилийн турш нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалыг нь бүрэн төлдөг байх хэрэгтэй. Энэ утгаар бид энэ талын мэдээллийг хүргэж, ойлголт өгөхийг зорьж байна” хэмээн ярилаа.

Энэ сарын 16-ны өдөр болсон уг сургалтад бичил уурхай эрхлэгч байгууллагуудын удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Ч.Отгонцэцэг

Related news