С.Дуламрагчаа “Тамирчны алдар” цолоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-03-21 17:51:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий хүрэл медальт С.Дуламрагчааг “Тамирчны Алдар” цол тэмдгээр шагналаа.

Тэрээр 1980-аад оноос эхлэн бодибилдинг, фитнессээр хичээллэсэн бөгөөд анх гадаад сэтгүүлийн хуудаснаас бодибилдингийн тамирчдын зураг харснаар хичээллэхээр шийджээ. Удаан хугацаанд завсарласан ч дуртай зүйлээ орхилгүй явсаар сүүлийн 10 гаруй жилд тасралтгүй хичээллэсэн байна.

Түүний хувьд 2015 оны Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр, Тайланд Улсад болсон 2016 оны Бодибилдингийн ДАШТ-д эх орноо төлөөлөн 75 кг-д 50-59 насны ангилалд оролцон хүрэл медалийг хүртжээ.

Тэрээр бодибилдингээр хичээллэх нь хүнийг төлөв даруу болгон төлөвшүүлдэг. Хүмүүс өнгөц талаас нь зөвхөн биеэ хөгжүүлж байна гэж ойлгодог. Бие бялдраа хөгжүүлэхээс гадна оюун ухаан, сэтгэл давхар хөгжиж байдаг гэдгийг онцолж байлаа. Мөн тэрээр цаашид олон улсын тавцанд эх орноо төлөөлөн амжилттай оролцох залуучуудыг бэлтгэхээр зорин ажиллана гэдгээ хэлж байв.

Ж.Болор

Related news