Монголын “Универсиад” спортын 15 төрлөөр шилдгүүдээ тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-28 13:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын “Универсиад-2017” их наадам даваа гарагт албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд наадмыг спортын 15 төрлөөр зохион байгуулна.

Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулах юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулах шийдвэр гарсан. Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион явуулсан уламжлалтай. Улсын хэмжээнд болон гадаадын нийт 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай зохион байгуулж байсан билээ.

Төрөөс оюутны биеийн тамир, спортод анхаарч ажилласны дүнд тэд спортоор хичээллэх идэвх нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд нэмэгдсээр байна. Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, ДОАШТ-д манай оюутан тамирчдын гаргасан амжилт жил ирэх тусам ахиж, шилдэг залуу тамирчин олноор төрж байна.

Д.Өлзий

Related news