ОАНА-гийн хуралдаанд 49 агентлагийн төлөөлөгчид оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-16 10:28:03

СӨҮЛ. /TASS/. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын /ОАНА/ гүйцэтгэх хорооны хуралдаан Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнөөдөр эхэллээ. ОХУ-ын ТАСС агентлаг даргалан явуулах уг хуралдаан Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн дэмжлэгтэйгээр Сөүл хот дахь тус агентлагийн төв байранд 11 дүгээр сарын 16-17 хүртэл үргэлжилнэ. Ёнхап агентлаг тус байгууллагад 20 жилийн өмнө элссэнээс хойш  анх удаа энэ хурлыг зохион байгуулж байгаа юм.

2013 оны есдүгээр сард Оросын нийслэл Москва хотод болсон ОАНА-гийн ерөнхий ассамблейн хурлаар ТАСС агентлаг тус байгууллагын ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгогджээ. Мэдээллийн байгууллагуудын дэлхийн томоохон нэгдлийг тус агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов тэргүүлэх үүргийг хүлээсэн бол ерөнхий нарийн бичгийн даргаар түүний нэгдүгээр орлогч Михаил Гусман ажиллаж байна.

Хэлэлцэх асуудал

Хоёр өдрийн уулзалтад дэлхийн 20 гаруй орны томоохон 49 агентлагийн төлөөлөгчид, тухайлбал, Монголын МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг оролцож байна.

Энэ удаагийн уулзалтыг "Хөдөлгөөнт харилцаа холбоо хөгжиж байгаа энэ үед мэдээллийн агентлагуудын өмнө тулгарч буй шинэ боломж, сорилтууд" сэдвийн дор хийнэ. Үүнээс гадна, уулзалтад оролцогсод бусад тулгамдсан асуудлыг хэлэлцэж, байгууллагынхаа ололт амжилт, хэтийн төлвийн тухай ярилцана. Чуулга уулзалтын үеэр ТАСС болон Ёнхапын техникийн захирлууд агентлагуудынхаа мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлж буй сүүлийн үеийн төслүүдийг танилцуулахаар төлөвлөжээ. ТАСС-ын IT хариуцсан захиргааны дарга Михаил Иванов ОАНА-гийн вэб хуудсыг шинэчилсэн талаараа ярих аж.

Хуралд оролцогсод мөн өмнөх уулзалтуудаар хэлэлцсэн ажлыг дүгнэнэ. Тухайлбал, сэтгүүлчдийг мэдээлэл олж авах эрхээр хангахад, ялангуяа, хэвлэл, мэдээллийн эрх чөлөө хязгаарлагдмал хүнд байдалтай орнуудад энэ эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан Ёс зүйн хорооны ажлын талаар хэлэлцэнэ. 

ОАНА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаанд зориулж Ёнхап агентлагийн нэгдүгээр давхарт гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ.

Түүнчлэн дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Хён Нам, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Чон Док болон Сөүл хотын дарга Пак Вон Сун уулзахаар төлөвлөсөн байна.

ОАНА-гийн шагнал

Уулзалтын төгсгөлд “Гарамгай амжилт гаргасны төлөө” олгож байхаар болсон ОАНА-гийн шинэ шагналын эзнийг анх удаа тодруулна. Энэ шагналыг 2015 оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала-Лумпур хотод болсон уулзалтын үеэр ТАСС агентлагийнхан санаачилжээ.  Уг шагналыг онцгой амжилт гаргасан болон мэдээллийн албаны ажлын чанарыг сайжруулсны төлөө ОАНА-гийн гишүүн агентлагуудын сэтгүүлчдэд эсвэл хамт олонд жил бүр олгож байх юм.

Уулзалтын ач холбогдол

ОАНА-гийн хуралдаанд Өмнөд Солонгос маш чухал ач холбогдол өгч байна. Уг арга хэмжээний өмнө тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ОАНА-гийн гишүүн орнуудын мэдээллийн агентлагуудын төлөөлөгчдийн удирдагчидтай биечлэн уулзсан байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагыг 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулжээ. Уг байгууллагын гол зорилго нь дэлхийд болж буй үйл явдлыг үнэн бодитоор мэдээлэх үйл явцыг идэвхтэй урагшлуулах болон олон ургалч үзлийг хамгаалах юм. 35 орны  44 агентлагийг өөртөө нэгтгэдэг тус байгууллага нь дэлхийн хамгийн том мэдээллийн байгууллага юм. ОАНА-гийн гишүүн орнуудад дэлхийн мэдээллийн урсгалын гуравны хоёр нь ногддог.

Д.Жаргал

Related news