К.Валиевагийн эрхийг хассан хугацаа дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-23 19:47:41

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /РИА Новости/Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан тухай шийдвэрийг Спортын арбитрын шүүхийн /CAS/ цахим хуудаснаас хассан байна.


Эрх хассан хугацаа 12 дугаар сарын 25-нд дуусгавар болж байгаа юм.


2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 129 хуудсаар нийтлэгдсэн CAS-ын шийдвэрийг цахим хуудаснаас харах боломжгүй болсон бөгөөд зөвхөн тухайн өдөр шийдвэр нийтлэгдсэн тухай хэвлэлийн товч мэдээ үлдсэн байна.


Өмнө нь РИА Новости агентлагийн мэдээлснээр, К.Валиева дасгалжуулагч Светлана Соколовскаягийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлжээ.


Эргэн сануулахад, Бээжингийн өвлийн Олимпын багийн төрөлд аваргалсан К.Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр CAS 2024 оны нэгдүгээр сард хассан юм. Эрх хасах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 25 буюу сэргээшийн шинжилгээ нь эерэг гарсан өдрөөс эхлэн тооцсон бөгөөд тухайн өдрөөс хойш гаргасан түүний бүх амжилтыг хүчингүй болгожээ.


Харин одоо тэрбээр 25-наас эхлэн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.   

Related news