ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 10:02:37

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.

“Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор хоёр өдөр үргэжлэх уг хуралд 48 улсын 280 гаруй төлөөлөгч,  олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч   оролцох юм.

Хурлын нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож үг хэлнэ.

ЕАБХАБ нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагджээ. Тус байгууллагын гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд ЕАБХАБ-ын Ассамблейг байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント