АНУ болон ОХУ Сирид гал зогсоохоор тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-23 10:31:27

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ болон АНУ Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг хоёрдугаар сарын 27-ноос эхлэн зогсоохоор тохиролцжээ. Энэ тухай Москва болон Вашингтоны хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. Уг мэдэгдлийг АНУ-ын Төрийн департамент нийтэлжээ.

“Байлдааны ажиллагааг хоёрдугаар сарын 27-нд Дамаскийн цагаар 00:00 цагт зогсооно. АНУ болон ОХУ нь Сирид дэмжлэг үзүүлэх Олон улсын бүлгийг хамтран даргалж байгаагийн хувьд НҮБ-ын үндсэн үүргийг иш үндэс болгон Сирийн хямралыг тайван замаар зохицуулах хүсэл эрмэлзлэлийн үндсэн дээр тус улсад мөргөлдөөнийг зогсоохын тулд сиричүүд НҮБ-ын дэмжлэгтэйгээр бие даан улс төрийн шилжилтийн үйл явцыг амжилтай хийх нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх шийдвэр төгс байна”  гэж баримт бичиг онцлон тэмдэглэсэн байна.

Гал зогсоох дэглэм “террорист “Лалын улс” бүлэглэл, “Жебхат ан-Нусра” эсвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн террорист байгууллагуудын тоонд оруулсан бусад бүлэглэлээс бусад” мөргөлдөөнд оролцогч бүх талд хамаатай болохыг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Гал зогсоох дэглэмийн нөхцөл

ОХУ болон АНУ “байлдааны ажиллагааг зогсоох тохиролцооны нөхцөлийг энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудад хамаатай байхаар” тохиролцсон байна.

Террористуудаас бусад Сирид байлдааны ажиллагаанд оролцогч аль ч тал “гал зогсоох дэглэмийн нөхцөлийг зөвшөөрч буйгаа болон даган мөрдөхөд бэлэн байгаагаа Москва эсвэл Вашингтонд хоёрдугаар сарын 26-нд орон нутгийн цагаар 12 цагаас хэтрэлгүй мэдэгдэх ёстой байна”. Тохиролцоог байнга зөрчсөн талд зохих арга хэмжээг авна гэж мэдэгдэлд дурджээ. Дамаскийн эрх баригчдад болон сөрөг хүчний хүчнүүдэд “пуужин, миномет болон танк эсэргүүцэгч удирдлагатай пуужин зэрэг зэвсэг” ашиглан бие биенийхээ эсрэг явуулж буй байлдааны ажиллагаагаа зогсоохыг үүрэг болгосон байна. Гэрээнд оролцогч талууд өөр оролцогч талуудын “газар нутгийг эзлэн авах эсвэл эзлэн авахыг оролдохоос татгалзах”, “хяналтдаа байгаа бүх нутаг дэвсгэрт түргэн шуурхай, аюулгүй, саадгүй, тасралтгүй нэвтрэх боломжийг хүмүүнлэгийн байгууллагуудад олгох”, мөн “тусламж шаардлагатай хүмүүст яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх” ёстой аж. Мөргөлдөөнд оролцогч талууд бүгд “хоригдлуудыг ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах” тал дээр ажиллах ёстой.

Гал зогсоохын сацуу терроризмтой тэмцэх ажиллагааг явуулна

Гал зогсоох дэглэм хэрэгжихийн сацуу Оросын Агаар-сансрын хүчний болон АНУ тэргүүтэй олон улсын эвслийн явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж ОХУ болон АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

“Сирийн Зэвсэгт хүчний агаарын цохилт өгөх ажиллагааг оруулаад Оросын Зэвсэгт хүчин болон АНУ тэргүүтэй “Лалын улс”-тай тэмцэх эвслийн террористуудтай тэмцэх байлдааны ажиллагаа үргэлжилнэ” гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.

Гал зогсоох дэглэмийг сахин мөрдөж байгаа эсэхийг АНУ, ОХУ хамтдаа хянана

Сирид байлдааны ажиллагаа зогсоох талаар холбоо тогтоох халуун шугамыг АНУ болон ОХУ хамтдаа байгуулна. “Хэрэв энэ нь байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа ажлын хэсэгт зохих мэдээллийг солилцоход шаардлагатай бол ОХУ болон АНУ холбоо тогтоох халуун шугам байгуулна” гэж баримт бичигт онцлон дурджээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース