Сирид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-27 13:40:22

ДАМАСК. /BBC/. Иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Сирид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэллээ.

Гал зогсоох дэглэм орон нутгийн цагаар баасан гарагийн 22:00-д хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөргөлдөөн болж байгаа хэсгээр буун дуу гаргахгүй байна гэсэн мэдээлэл гарчээ.

Мөргөлдөөн намжсан боловч дэглэмийг зөрчсөн нэг тохиодол гарсныг шалгаж байна гэж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдэв.

Гал зогсоох дэглэм хэрэгжиж эхлэхийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, “дэлхий дахин харж байна” гэж Сирийн Засгийн газар болон түүний холбоотон ОХУ-д анхааруулсан байна.

Баасан гарагт ОХУ Сирийн босогчдын байрлалд өгч буй цохилтоо эрчимжүүлсэн байна. Гэвч гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсний дараахан Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага, Алеппо хотын хойд хэсгээр ганц нэг буун дуу гарсан хэдий ч бусад хэсгээр тайван байна гэж мэдэгджээ.

Гал зогсоох дэглэм амжилттай байвал Сирийн энхийн хэлэлцээ ирэх сарын 7-нд үргэлжилнэ гэж де Мистура мэдэгджээ.

Д.Нямтулга

関連ニュース