“Лалын улс”-ын толгойлогчдын нэгийг устгасан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-09 10:36:48

ВАШИНГТОН. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг болох гүрж гаралтай, "Умар аш-Шишани" нэрээрээ зартай Тархан Батирашвили гэгч Сирийн зүүн хойд нутагт өгсөн АНУ-ын агаарын цохилтод устгагдсан байж магадгүй гэж Пентагоны мэдээлэлд дурджээ.

“Аюултай босогчийг устгасан байж болзошгүй нь “Лалын улс”-ын босогч шинээр элсүүлэх боломжид болон террорист ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлнө” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кукийн мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч Вашингтон аш-Шишаниг устгасныг нотлох баримтыг хайсаар байгаа болохыг Пентагоны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.

Аш-Шишанигийн байсан газарт дайралт хийх ажиллагаанд нисгэгчгүй нисдэг аппарат төдийгүй байлдааны энгийн онгоцууд оролцсон байна.

Агаарын цохилтыг гуравдугаар сарын 4-нд Сирийн нийслэл Дамаск хотоос 612 км зайтай газар оршдог Хасека мужийн засаг захиргааны төв болох Эш-Шаддади хотод өгчээ. Энд нефтийн томоохон орд газрууд байдаг бөгөөд “Лалын улс” бүлэглэлийнхэн гурав орчим жилийн өмнө эзлэн авсан байна.

Батирашвилийн байгаа газрын талаарх мэдээлэлд 5 сая долларын шан өгөхөө АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгджээ. Вашингтонд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр, тэрбээр “Лалын улс”-ын “зөвлөлд” ордог байсан бөгөөд “барьцаалсан гадаадын иргэдийг хорьдог байж магадгүй, Сирийн Аль-Табко хот дахь тус бүлэглэлийн цэргийн шоронг удирддаг байжээ”. Тэрбээр мөн бүлэглэлийнхээ санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан байна.

Д.Жаргал

 

関連ニュース