Мьянмарын парламент мягмар гарагт Ерөнхийлөгчөө сонгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАНГКОК. /TASS/. Мьянмар улсын парламент гуравдугаар сарын 15-нд буюу мягмар гарагт болох дээд болон доод танхимын хамтарсан хуралдаанаараа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ тухай тус улсын парламентын дээд танхимын орлогч дарга Ай Тхар Аунг мэдээлжээ.
“Санал хураалт мягмар гарагт болно. Бүх нэр дэвшигчийг одоо мөрдөгдөж буй хууль журмын дагуу танилцуулсан” гэж тэрбээр мэдээлсэн байна.
Мьянмар улсын Үндсэн хуульд заасны дагуу, тус улсын Ерөнхийлөгчийг депутатууд урьд нь дээд болон доод танхим, мөн Зэвсэгт хүчнээс сонгосон гурван дэд ерөнхийлөгчөөс олонхын саналаар сонгодог.
Өдгөө 70 настай, Оксфордын их сургуулийн төгсөгч Тхин Жо Мьянмарын төрийн тэргүүний албан тушаалд гол нэр дэвшигчид тооцогдож байна. Тэрбээр парламентын хоёр танхимд хоёуланд нь олонхын суудал авсан Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын даргын ойрын хамтран зүтгэгч юм. Сөрөг хүчний хамгийн алдартай төлөөлөгч, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи Мьянмарын Ерөнхийлөгч болох боломжгүй. Өөр улсын иргэншил авсан төрөл төрөгсөдтэй хүмүүс тус улсын дээд албан тушаалд өрсөлдөх эрхгүй байдаг. Ан Сан Су Чи нь Британийн эрдэмтний бэлэвсэн гэргий бол хоёр хүү нь Их Британийн иргэн бөгөөд Лондон хотод оршин суудаг.
Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч хоёр дахь хүн бол Энэтхэгийн зүүн нутагтай залгаа хил орчимд оршдог Чин мужаас сонгогдсон депутат Генри Ван Тхи юм. Түүнийг парламентын дээд танхимаас дэд ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд цэргийн хунтын үед олон жил дарлагдсан Чин мужийн үндэстний цөөнхийн төлөөлөгч аж.
Харин Мьянмарын Зэвсэгт хүчнээс бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа Ерөнхийлөгч Тейн Сейны Засгийн гарын бүрэлдэхүүнд тус улсын томоохон хот болох Янгоны хэрэг эрхэлсэн сайдын албыг хашиж буй дэслэгч-генерал Мьин Швег Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлжээ.
Мьянмарын одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусна.
Д.Жаргал