Иран руу аялахгүй байхыг америкчуудад зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-15 11:12:45

ВАШИНГТОН. /Sputnik/. Иранд баривчлагдах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан тус улс руу аялахаас зайлсхийх хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн департамент иргэддээ дахин анхаарууллаа. Нэгдүгээр сард мөн ийм анхааруулга өгч байсан билээ.

Ираны цөмийн хөтөлбөр энхийн зориулалттай болохыг баталгаажуулж, хариуд нь тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлах цөмийн гэрээг Иран болон “5+1” бүлэг хооронд байгуулсан хэдий ч Тегеран болон Вашингтон хоорондын харилцаа тийм ч сайнгүй байгаа билээ.

Үүнээс гадна, Ираны агаарын хилийн ойролцоо нисэхгүй байхыг АНУ-ын Нисэхийн удирдлагын газар иргэний агаарын тээврийн компаниуддаа анхааруулсан байна.

АНУ-ын Засгийн газар Ирантай дипломат харилцаагүй учир Иран дахь АНУ-ын иргэдийг консулын үйлчилгээгээр хангаж, хамгаалах боломжгүй гэж Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース