АНУ-ын таван муж улсад ерөнхийлөгчийн сунгаа болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-15 11:24:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. Мягмар гарагт буюу өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаа тус улсын Флорида, Иллинойс, Миссури, Хойд Каролина болон Огайо гэсэн таван муж улсад болно.

Эдгээр муж улсад болох сунгааны дүнд Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын их хуралд оролцох дээрх таван муж улсын төлөөлөгчид Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд оролцогчдын хэнд нь саналаа өгөх нь шийдэгдэнэ. Хоёр намын их хурлаар 11 дүгээр сарын 8-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тодруулна.

Мягмар гарагт санал хураалт хамгийн түрүүнд Хойд Каролина муж улсад эхэлж, санал хураах байрууд орон нутгийн цагаар өглөөний 06 цагт нээгдэх бол санал хураалтын эхний дүнгүүд 19 цагт гарч эхэлнэ.

Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид болох Дональд Трамп, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз, Флоридагаас сонгогдсон сенатч Марко Рубио болон Огайо муж улсыг захирагч Жон Кейсик энэ өдөр намын их хурлын 367 төлөөлөгчийн саналын төлөө, харин Ардчилсан намаас нэр дэвшсэн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерс нар 792 төлөөлөгчийн саналын төлөө өрсөлдөнө. “Мягмар гарагт болох санал хураалтуудын дүн Ардчилсан намынхны хувьд ч бүгд найрамдахчуудын хувьд ч ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлынх нь цаашдын эрч хүчийг тодорхойлох болно” гэж телевизийн “CNN” компани онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース