Путины шийдвэрийг Аюулгүйн зөвлөлийн гишүүд сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-15 11:56:52

НҮБ. /TASS/. ОХУ Агаарын цэргийн хүчнийхээ гол хэсгийг Сириэс буцаан татахаар болсныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд сайшааж байна гэж энэ сард Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Исмаэль Гаспар Мартинс мэдэгдэв. Буцаан татах ажиллагаа өнөөдөр эхэлнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн сайшааж, үүнийг “нааштай алхам” гэж мэдэгдсэн тухай Анголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, ОХУ болон АНУ-ын өгөөжтэй хамтын ажиллагааны үр дүнд ОХУ Сириэс зарим цэргээ буцаан татах болсон бөгөөд ингэснээр шинэ боломж бий болох магадлалтай гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Агаарын цэргийн хүчин Сири дэх үндсэн даалгавраа биелүүлсэн учир тус хүчний зарим хэсгийг буцаан татахаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад нар утсаар тохиролцсон тухай Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдэгджээ.

Гэсэн хэдий ч, ОХУ гал зогсоох дэглэмийн хэрэгжилтийг хянах зорилгоор нислэгийн хяналтын төвөө Сирид үлдээнэ гэж мэдэгдэлд дурдав. Энэ сарын 15-наас буцаан татах ажиллагааг эхлүүлэх тушаалыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өгсөн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース