Умард Солонгосын удирдагчийг шийтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-15 12:20:34

НҮБ. /NHK/. Хүмүүнлэг ёсны эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийнх нь төлөө Умард Солонгосын удирдагчийг шийтгэх ёстой гэж НҮБ-ын Хүний эрхийн мөрдөн байцаагч мэдэгдэв.

Өчигдөр Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн уулзалтын үеэр тусгай илтгэгч Марзуки Дарусман мэдэгдэл хийсэн байна. Уг уулзалтад Умард Солонгос оролцоогүй ажээ.

“Умард Солонгосын иргэд хоол хүнсгүй шаналж байхад тус улсын удирдагч асар их хэмжээний нөөцийг үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд зарцуулж байна. Тус улсын удирдагч Ким Жөн Ун, өндөр албан тушаалтнууд болон гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн ажиллагааг зогсоох арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг авах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Японы иргэдийг Умард Солонгос хулгайлсан хэргийн тухай Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жуничи Ихара дурдаад, тус улсын хүний эрхийн байдлыг сайжруулахад хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгээс уриалжээ.

Мөн тэрбээр, Умард Солонгос цөмийн туршилт хийж, алсын тусгалтай баллистик пуужин харваж, өдөөн хатгах ажиллагаагаа өргөжүүлж байна гэж мэдэгдэв.

НҮБ-ын гишүүн орнуудын гаргасан баримт, НҮБ-ын тайланг Умард Солонгос хүлээн зөвшөөрөх ёстой гэж Дарусман уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース