Хөгжлийн бэрхшээлтэй ч хүний дайтай амьдарч явна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЭнэ бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Ц.Батдорж. Хувиараа шүрэн эдлэл болон эсгий эдлэл урладаг. Багаасаа л гар урлалтын төрөл бүрийн зүйл хийж сонирхож ирсэн гэнэ. Гоёлын ээмэг зүүлт, тоглоом, хүүхэд том хүний эсгий шаахай, хүүхдийн баривч гээд олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Түүний гол зорилго бол Сүхбаатар аймгийнха брэнд бүтээгдэхүүнийг өөрийн гараар бий болгох.
Ц. Батдорж 70 хувийн групптэй. Оюутан байхдаа шатнаас унаж харвалт өгсөнөөр үргэлжлүүлэн сурах боломжгүй болсон юм. Эхэндээ хэвтэрт хүний асаргаанд байлаа. Үе тэнгийн найз нөхөд их дээд сургуулиа төгсөөд мэргэжилтэй боловсролтой хүмүүс болж байхад, Батдорж гэрт, хүний асаргаанд. Гэсэн ч тэр өөрийнхөө байгаа байдалд нэг ч удаа гутарч гуниж байсангүй. Харин ч би босож чадна гэж өөрөө өөрийгөө зоригжуулж, бага багаар биеийн байдал нь сайжирч хөл дээрээ дахин босож чадсан байна. ингээд тэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэст төсөл бичин өгөн 2 сая төгрөгийн дэмжлэг авч ээж, дүүгийн хамтаар гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн.
Өөрөө бүх зүйлээ гардан хийнэ, ээж дүү, нөхөр нь хүртэл хамжиж өгнө. Түүний нөхөр нь мөн хөгжлийн бэрхшээлтэй. Эхнэртэйгээ храмт Хөдөлмөрийн хэлтсийн гар урлалын сургалтанд хамрагджээ. хөгжлийн бэрхшээлтэй гээд бусдын гарыг харж зүгээр суухыг хүсээгүй, харин ч бусад хүмүүст үлгэр дууриалал болж яваа гэр бүл юм.
Өөрсдөдөө таалагдсан, өөрсдийн хийж чадах зүйлээ олж, давхар амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан боломжийг олж авсан, шүр болон эсгий эдлэлээ хийдэг болсоноос хойш бидний амьдрал маань дээшилсэн, гэрт амьдардаг байсан бол одоо тохилог өөрийн гэсэн сайхан байшинтай болсон, одоо бас байшингийнхаа ард ажлын байр барьж байгаа, ажлын байраа 2 өрөөтэй болгоод нэгэнд нь үйлдвэрлэлээ явуулна, харин нөгөө өрөөнд нь бүтээгдэхүүнээ борлуулах лангуу ажиллууна гэж Ц.Батдорж хэлж байна.
Амьдрал гэдэг өөрөө баян. Орох орон, оочих аягатай байгаа хүн бүр л баян. Бид өөрсдийгөө ядуу гэж гомдох бус өөрөө өөрийгөө ядуу амьдруулж буй өөртөө гомдох хэрэгтэй. Хүн хүсэж мөрөөдөн, өөртөө итгэж ажиллаж хөдөлмөрлөж чадвал яаж ч амьдарч болно. Ажлын сайнаар амьдрал өөдөлдөгийн нэгэн жишээ энэ. Хамгийн гол нь иргэн маань орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж, эдгээр хүмүүст хөрөнгө оруулалт хийх л чухал байгаа юм.
Т. Одончимэг