Мьянмарын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-24 13:52:09

БАНГКОК. /TASS/. Мьянмарын Ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Тхин Чогийн бүрдүүлсэн шинэ Засгийн газрыг тус улсын үндэсний хууль тогтоох их хурал /парламент/ баталлаа. Сайд нарын танхимын гишүүдийн дотор Ардчиллын төлөөх үндэсний холбоо /АТҮХ/ намын дарга, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи байгаа аж.

АТҮХ-ны албан ёсны төлөөлөгч Зав Минт Маунгийн мэдээлснээр, парламент Ан Сан Су Чиг оруулаад 18 сайдад нэр дэвшигчдийг баталжээ. Цэргийн хунтын үед 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн сөрөг хүчний алдартай төлөөлөгч Су Чи шинэ Засгийн газарт чухам ямар алба хашихыг тэрбээр тодорхой дурдаагүй байна. Гэхдээ түүнийг дөрвөн сайдын албан тушаалд нэгэн зэрэг нэр дэвшүүлсэн тухай урьд нь мэдээлсэн юм. Су Чид ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад хэргийн, Боловсролын болон Цахилгаан, эрчим хүчний сайдын албыг санал болгожээ.

Мьянмарын парламент Ерөнхийлөгч Тхин Чогийн санал болгосон бүрэлдэхүүнийг нь гуравны нэгээр цөөлсөн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг гуравдугаар сарын 20-нд баталсан байна. Шинэ журмын дагуу, Мьянмарын яамдын тоо 36-аас 21 болох бол харин сайд нарын тоог 32-оос 18 болгож цөөрүүлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース