Нидерландын санал асуулгын дүнд АНУ-ын удирдлага сэтгэл дундуур байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Украиныг Европын Холбоонд /ЕХ/ нэгтгэх тухай гэрээг батлах асуудлаар Нидерландад явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд АНУ-ын эрх баригчид сэтгэл дундуур байна. Энэ тухай Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер мэдэгджээ.
“Мэдээж хэрэг бид энэ санал асуулгын дүнд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ бид Нидерландын ард түмний үзэл бодлыг, тус улсад болж буй улс төрийн үйл явцыг хүндэтгэнэ” гэж тэрбээр хэллээ.
Түүний онцлон дурдсанаар “Украин улсыг Өрнөдтэй илүү нягт хэлхээ холбоо тогтоох үйл явцад энэ удаагийн санал асуулгын дүн нөлөөлөхгүй гэдэгт Вашингтонын эрх баригчид найдаж байгаа аж”.
Украин улс ЕХ-нд нэгдэх үйл явцад Нидерландын санал асуулга ямар байдлаар нөлөөлж болох вэ гэдэг талаар ноён Тонер тайлбар өгөхөөс татгалзжээ.
Нидерландад Украиныг ЕХ-нд нэгтгэх гэрээг батлах асуудлаар лхагва гарагт бүх нийтийн санал асуулга явуулахад нидерландчуудын 61.1 хувь нь уг баримт бичгийг батлахыг эсэргүүцсэн бол 38.1 хувь нь дэмжсэн байна. Санал асуулгын ирц 32.2 хувьтай байжээ.
Д.Жаргал