Өмнөд Солонгост парламентын сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-13 10:52:22

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын парламентын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө эхэллээ. Тус улсын Ерөнхийлөгч Пак Гин Хэ 2017 оны 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн байр сууриа хадгалж үлдэхээр найдаж байна.

Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрвөн жил тутамд болдог. Нэр дэвшигчид нэг танхимтай парламентын 300 суудлын төлөө бие даасан болон пропорциональ тогтолцооны хүрээнд өрсөлдөнө.

Нэр дэвшигчдийг тодруулах үеэр Пак Гин Хэг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд санал зөрөлдөөн гарсантай холбогдуулан одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Сэнури нам олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байжээ.

Өмнөд Солонгосын эрх баригч нам парламентад олонхи болох төлөвтэй байгаа бөгөөд тус нам хэчнээн суудал нэмж авах нь анхаарал татаж байна.

Харин сөрөг хүчний Минжүү намаас тусгаарласан Ардын намын чансаа өсч байгаа бөгөөд хоёр намын тогтолцоог хална гэж мөрийн хөтөлбөртөө тусгаснаар парламентад илүү олон суудал авах магадлал бий.

Орон даяар нийт 13 837 цэгт санал хураалт явагдаж байгаа бөгөөд өнөөдөр оройн 18 цагт санал авах байруудыг хааж, саналыг тоолж эхэлнэ.Сонгуулийн нэгдсэн дүн 22 цагт гарах ажээ.

Д.Нямтулга

関連ニュース