С.Лавровын айлчлалын үеэр Орос-Японы найрамдлын гэрээний асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гарагт Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзах үеэр хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах тухай асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж тус улсын Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга мэдэгджээ.
“Энэ сарын 15-нд болох хоёр сайдын уулзалтын үеэр найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж бид бодож байгаа. Хоёр улсын удирдагчдын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу бид хоёр талын сонирхолд нийцэх шийдлийг олох хэрэгтэй” гэж Ё.Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрбээр Лавровын Монгол, Япон, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн уулзалттай холбогдуулан хэлэхдээ "ОХУ найрамдлын гэрээ байгуулах асуудлыг Токиотой хэлэлцэхээр төлөвлөж байгааг Лавровын хийсэн мэдэгдлээс харлаа" гэжээ.
Харин Лавров мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ болон Япон хооронд найрамдлын гэрээ байгуулах хэтийн төлвийг газар нутгийн маргааны асуудалтай холбох хэрэггүй. Хоёр улсын хооронд байгуулсан цорын ганц баримт бичиг болох “1956 оны Хамтарсан тунхагт”-т талууд бие биенийхээ эсрэг зарга үүсгэхээс татгалзана гэж заасны дагуу найрамдлын гэрээг байгуулах нь нэн тэргүүний зорилт мөн" гэж онцолжээ. Талууд найрамдлын гэрээ байгуулах асуудлаар дараагийн шатны хэлэлцээг явуулахаар бэлтгэж байгааг мөн дурдсан байна.
Д.Нямтулга