Оросын байлдааны онгоцууд Америкийн хөлөг онгоцны дэргэдүүр маш ойрхон нисч өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. ОХУ-ын байлдааны хоёр нисэх онгоц АНУ-ын пуужингаас хамгаалах хөлөг онгоцны дээгүүр хэд хэдэн удаа нислээ гэж Америкийн албаны хүмүүс мэдэгдэв.
Оросын “Сухой Су-24” маркийн хоёр сөнөөгч онгоц Балтын тэнгисийн олон улсын усан дээгүүр нисч байсан бөгөөд онгоцнуудад ямар нэг ил харагдах зэвсэг байгаагүй учир Америкийн хөлөг онгоцны багийнхан хариу үйлдэл хийгээгүй байна.
Даваа болон мягмар гарагт болсон энэ хэрэг явдал нь “сүүлийн үед болж байгаа хамгийн түрэмгий үйлдлүүдийн нэг байлаа” гэж АНУ тал дүгнэжээ.
“USS Donald Cook” пуужин сөнөөгч хөлөг онгоцны ахмад эл үйлдлийг “зохиомлоор загварчлан дууриалгасан дайралт” гэж тодорхойлжээ.
“Нисэх онгоцнууд маш их ойрхон зайд нисч өнгөрч байсан, нэг удаа бараг 9 метрийн ойр зайтай өнгөрч, хөлөг онгоцны эргэн тойронд ус цалгилж давалгаа үүссэн. Энэ бол их аюултай, өдөөн хатгалга байсан. Осол ч гарч болох байлаа” гэж дээрх мэдэгдэлдээ дурджээ.
ОХУ-ын энэ үйлдэл нь далай, тэнгист аюултай осол гарахаас урьдчилан сэргийлэх тухай 1970 оны хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл байж болзошгүй. Харин АНУ үүнтэй холбогдуулан зарга үүсгэх эсэх нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна Оросын нисдэг тэрэг Америкийн хөлөг онгоцны хажуугаар долоон удаа өнгөрөхдөө хөлөг онгоцны гэрэл зургийг авчээ.
ОХУ-ын нисэх онгоцнууд хажуугаар өнгөрөх үед “The Donald Cook” хөлөг онгоцны тавцан дээр холбоотны цэргийн нисдэг тэргийг буулгах сургуулилт хийж байсан тухай АНУ-ын Европын командлал мэдэгджээ.
Оросын нисэх онгоцнууд тухайн районыг орхин явах хүртэл уг сургуулилтыг түр зогсоосон байна. Харин дараа өдөр нь Оросын “КА-27” нисдэг тэрэг ирж, АНУ-ын хөлөг онгоцыг тойрон нам өндөрт эргэлджээ. АНУ-ын хөлөг онгоцноос англи, орос хэлээр өгсөн анхааруулгад Оросын онгоцноос ямар ч хариу өгөөгүй байна.
Д.Нямтулга