Өмнөд Солонгосын эрх баригч нам сонгуульд ялагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-14 11:41:56

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын эрх баригч "Сэнури" нам тус улсад болсон парламентын сонгуульд саналын хуудсыг 100 хувь тоолсны дараах байдлаар ялагдал хүлээсэн байна. Тус намаас нэр дэвшигчид сүүлийн 16 жилд анх удаагаа Үндэсний их хуралд олонхын суудлаа алдаж, 300 суудлаас ердөө 121-ийг нь авчээ.

“Сөрөг хүчний гол нам болох "Тобуро" нам парламентад 123 суудал авсан бол Ардын нам 39, Шударга ёсны нам 6, бие даан нэр дэвшигчид 11 суудал авлаа” гэж Өмнөд Солонгосын Сонгуулийн төв хороо мэдээлжээ. “Сэнури” нам урьд нь парламентад 146 депутатын суудалтай байсан юм. Харин одоо сөрөг хүчин парламентад олонх болсон нь эрх баригч намын дэмжлэгийг хүлээж байсан тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувьд хүндрэлтэй асуудал үүсгэж болзошгүй юм.

"Сэнури" намынхан “сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд сонгогчдын итгэлийг дахин олж авахын тулд чадах бүхнээ хийнэ" гэж тус намын төлөөлөгч Ан Хен Хван мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хууль тогтоох байгууллага нь нэг танхимтай бөгөөд 300 депутатын суудалтай. Тус улсын парламентын сонгуульд 930 гаруй хүн оролцсоны 26 хувь нь эрх баригч "Сэнури" намаас, 24 орчим хувь нь сөрөг хүчний томоохон нам болох "Тобуро" Ардчилсан намаас, 18 хувь нь Ардын намаас, 5 хувь нь Шударга ёсны намаас, 10 гаруй хувь нь жижиг намуудаас нэр дэвшсэн бол 14.5 хувь нь бие даан нэр дэвшигчид байсан байна.

Өмнөд Солонгост парламентын сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн хувьд 20 дахь удаагийн сонгууль болжээ. Тус улсад сонгуулийг холимог тогтолцоогоор явуулдаг ба 300 депутатын 246 –г нь тойргоос, 54-ийг нь намын жагсаалтаар сонгодог байна.  

Д.Жаргал

 

 

関連ニュース