Сирийн энхийн хэлэлцээ дахин эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖЕНЕВ. /NHK/. Бараг гурван долоо хоногийн турш тасалдаад байсан Сирийн энхийн хэлэлцээний дараагийн үе шат Женевт эхэллээ.
Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Сирийн сөрөг хүчний төлөөлөлтэй уулзсан байна.
Тэрбээр "бид Сирийн төрийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг энхийн хэлэлцээний үеэр хэлэлцэхээр тохиролцсон" гэж мэдэгджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 12 дугаар сард баталсан тогтоолоор Сирид шинэ төрийг бүрдүүлэн бий болгож, шинэ Үндсэн хууль батлахыг уриалсан билээ.
Сөрөг хүчний нэгэн төлөөлөгч Башар аль-Асадын Засгийн газрын цэргүүд гал зогсоох тохиролцоог удаа дараа зөрчиж байгааг буруушаасан байна. Мөн тэрбээр "Ерөнхийлөгч Башар аль-Асад огцорсны дараа Сирид улс төрийн өөрчлөлт хийх асуудлыг Женевт ирээд буй сөрөг хүчний төлөөлөгчид хэлэлцэнэ" гэдгийг онцолжээ. Харин Сирийн Засгийн газрыг төлөөлж тус улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Башар Жафари Женевт хэлэлцээнд оролцож байна.
НҮБ-ын тусгай төлөөлөгч Мистура Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй тус тусад нь уулзаж, асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Д.Нямтулга