Керри: Оросын онгоцууд руу гал нээж болох байсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. Балтын тэнгист явж байсан манай хөлөг онгоцнуудын нэгнийх хажуугаар маш ойрхон зайд нисч өнгөрсөн Оросын нисэх онгоц руу гал нээх эрх бидэнд байсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам, “Су-24” сөнөөгч онгоцнууд АНУ-ын “USS Donald Cook” хөлөг онгоцны хөдөлгөөнд ажиглалт хийснийхээ дараа аюулгүй байдлын бүх арга хэмжээг авч, бааз руугаа буцсан гэж мэдэгджээ.
Керри ОХУ-ын энэ үйлдлийг буруушаагаад, энэ асуудлаар Оросын талтай холбоо барьж ярилцсан гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр “ийм үйлдлийг бид буруушааж байна. Энэ нь болчимгүй, өдөөн хатгасан аюултай үйлдэл юм. Хүч хэрэглэх дүрэм журмын дагуу онгоцыг буудан унагаж болох байсан ” гэлээ.
"Олон улсын усанд байх үед АНУ-ын хувьд айж сүрдэх зүйл байхгүй бөгөөд ОХУ-ын энэ үйлдэл аюултай гэдгийг тус улсад анхааруулсан" гэж тэрбээр нэмж хэлэв.
Д.Нямтулга