АНУ, Филиппин хоёр Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-15 10:47:39

МАНИЛА. /ABCnews/. АНУ болон Филиппиний арми Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийж эхэлсэн тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер мэдэгдэв.

АНУ-Филиппиний цэргийн хамтарсан сургуулилтад оролцсон Америкийн нисэх онгоцнуудын зарим нь Кларк агаарын цэргийн баазад үлдэнэ гэж тэрбээр Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акинотой Манила хотод уулзсаныхаа дараа мэдэгджээ.

АНУ-ын 300 орчим цэрэг, байлдааны таван нисэх онгоцыг Филиппинд түр хугацаагаар байрлуулна гэж тэрбээр хэлсэн байна. Батлан хамгаалахын сайд Картер жил бүр болдог АНУ-Филиппиний цэргийн хамтарсан сургуулилтыг /Balikatan/ үзэхээр Филиппинд очжээ.

Мөн тэрбээр "энэхүү эргүүлийн ажиллагаа нь Филиппиний тэнгисийн цэргийн хүчний чадавхыг нэмэгдүүлж, бүс нутгийн далай тэнгист аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно" гэж ярилаа.

Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын гол холбоотон бол Филиппин бөгөөд тус улсын таван баазыг хамтран ашиглах талаар хоёр тал тохиролцжээ.

Д.Нямтулга

 

 

関連ニュース