Умард Солонгосын баллистик пуужингийн туршилт амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-15 11:06:22

ВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгосын явуулсан баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсныг АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал /СТРАТКОМ/ нотоллоо. Энэ тухай тус командлалын хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.

Умард Солонгосын пуужин АНУ-д аюул учруулахгүй гэж Хойд Америкийн Агаар сансрын батлан хамгаалахын нэгдсэн командлал /НОРАД/ мэдээлсэн байна

“Пуужин харвасан тухай мэдээллийг дэлгэцээр харсан бөгөөд Солонгосын хойгийн байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. “Бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулах үйлдэл болоод мэдэгдэл хийхээсээ татгалзаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх тодорхой алхам хийхийг бид Умард Солонгост дахин уриалж байна” гэж дээрх мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Пхеньян дөрөвдүгээр сарын 15-ны өглөө баллистик пуужин харвахыг оролджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, уг туршилт амжилтгүй болсон байна. Умард Солонгос дунд тусгалын баллистик пуужин харвагч нэгээс хоёр ширхэг хөдөлгөөнт төхөөрөмжийг Япон тэнгисийн эрэгт байрлуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Японы “Kyodo” агентлагийн мэдээлснээр, "Мусудан" пуужинг анх 2010 онд Пхеньянд болсон цэргийн парадын үеэр үзүүлж байжээ. Уг пуужинг шумбагч онгоцноос харвадаг “Р-27” хэмээх Зөвлөлтийн үеийн шингэн түлшт баллистик пуужинд тулгуурлан бүтээсэн байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ пуужин нь Окинава арал дахь Америкийн цэргийн бааз, мөн АНУ-ын Гуам арал болон Японы нутаг дахь объектуудад  цохилт өгөх  чадалтай ажээ.

Д.Жаргал

 

 

 

関連ニュース