Өмнөд Солонгос, АНУ хоёр агаарын цэргийн сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-20 16:20:45

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгос болон АНУ-ын арми “Max Thunder” гэдэг нэртэй агаарын цэргийн хамтарсан сургуулилт хийхээр болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээллээ.

“Дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх сургуулилтын гол зорилго нь байлдааны явцад холбоотнуудын хамтран ажиллах тактикийг боловсруулах явдал юм” гэж тус яам онцлон тэмдэглэсэн байна.

Дээрх сургуулилтыг 2009 оноос эхлэн жилд хоёр удаа явуулдаг. Энэ жилийн сургуулилтад Америкийн 1200 орчим, Өмнөд Солонгосын 640 цэрэг, тус улсын F-15K, KF-16, FA-50 болон Америкийн F-16 сөнөөгч онгоцууд зэрэг 100 орчим сөнөөгч онгоц оролцоно. Сургуулилтын явцад холбоотнуудын байлдааны онгоцууд хоёр бүлэгт хуваагдаж, дайн дэгдсэн нөхцөлд хамтран ажиллах янз бүрийн тактикийг боловсруулна.

Д.Жаргал

 

 

関連ニュース