Беларусийн Ерөнхийлөгч Итали болон Ватиканд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМИНСК./TASS/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 20-21-нд Итали болон Ватиканд айлчлахаар төлөвлөж байна гэж түүний хэвлэлийн алба мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ айлчлалынхаа хүрээнд Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийнэ. Мөн Беларусь-Италийн хамтын ажиллагааны эрх зүйн орчин бий болгох асуудалд онцгой анхаарал хандуулна” гэж хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурдсан байна.
Ерөнхийлөгч Александр Лукашенко Ватиканд айлчлах үеэрээ Ромын пап Францисктэй уулзаж, Ромын католик сүм болон Беларусь хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ.
Лукашенко анх 2009 онд Итали, Ватиканд айлчилж, Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони болон Ромын пап XVI Бенедикттэй уулзаж байжээ.
Д.Нямтулга