Б.Обама атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-05-27 18:56:54

ТОКИО./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хот дахь Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирлээ. Тэрбээр 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтийн уршгаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Америкийн Ерөнхийлөгчийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дагалдан явж байгаа юм. Хоёр орны удирдагчид Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын дараа Хирошима хотод хүрэлцэн иржээ.

Обама тус хотод ирэх замдаа Ямагүчи мужид байрлах Америкийн тэнгисийн явган цэргийн баазад очиж, цэргийн албан хаагчдын өмнө үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “миний Хирошимад очиж байгаагийн зорилго бол Дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн бүх хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, цөмийн зэвсгийн хэрэгцээ шаардлага байхгүй тийм дэлхий ертөнцийг бий болгохын төлөө бид шийдвэр төгс байгааг нотлон харуулах явдал юм” гэж онцлон дурджээ. 

Обама цааш нь хэлэхдээ “Америк-Японы харилцаа бол хамгийн эмзэг зөрчлийг ч даван туулж болдог гэдгийн тод жишээ мөн” гэжээ. “Нэгэн цагт хоорондоо дайсан байсан хүмүүс одоо түншүүд төдийгүй сайн найз нөхөд болж чадлаа” гэж Обама тэмдэглэн хэллээ.

Хоёр орны удирдагчдыг Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Хирошима хотын дарга Казүми Мацүи нар дагалдан явж байна.

Б.Обама бол Америкийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа Хирошимад хүрэлцэн ирсэн анхны хүн юм. Энэхүү түүхэн айлчлалын үеэр тус хотод аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 5 мянга гаруй цагдаагийн ажилтан Энх тайвны паркийн орчим хамгаалалтад гарчээ. Обама тус хотод айлчлах явцдаа Дурсгалын цогцолбор болон музейд зочилж, атомын бөмбөгдөлтөд хэлмэгдсэн зарим иргэдтэй уулзах төлөвтэй байна.

1945 оны 8 дугаар сарын 6-нд америкчууд Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар тус хотын 70-100 мянган иргэн амиа алджээ. Амьд үлдсэн олон хүн хожим нь цацрагийн өвчин зэргээс болж нас барсан билээ. 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 297 684 хүн атомын бөмбөгдөлтийн золиос болсон гэсэн тоо бий.  

Б.Адъяахүү

 

 

 

 

関連ニュース