Обама Хирошима хотын иргэдэд хандан үг хэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-05-28 13:59:38

ТОКИО. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилж, тус хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цугласан иргэд болон АНУ-ын атомын бөмбөгдөлтөөс амьд гарсан хүмүүст хандан үг хэлсэн байна.

Америкийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа Хирошимад хүрэлцэн ирсэн анхны Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ, “Бид яагаад Хирошима хотод ирсэн бэ? гэвэл бид аймшигт атомын бөмбөгдөлтийн үеийг эргэн харж, амиа насаа алдсан 100 мянга гаруй япон залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хэдэн мянган солонгосчууд болон шоронд хоригдож байсан хэдэн арван америкчуудад гашуудал илэрхийлэхээр энд ирсэн. 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний элэг эмтлэм дурсамжийг хэзээ ч мартаж болохгүй" гэж мэдэгджээ.

Обама цааш нь хэлэхдээ, “бөмбөгдөлтийн дараа авсан тэнгэр баганадсан мөөгөн үүлний зураг нь бид хүн төрөлхтөний хамгийн том зөрчлийг бий болгосныг харуулж байна. Дэлхийн дайн Хирошима болон Нагасаки хотод хамгийн харгис хэлбэрээр өрнөсөн бөгөөд тус хоёр хотод болсон  уг хэргээс сургамж авч, хүн төрөлхтөний ёс суртахууныг сэргээх хэрэгтэй” гэж тэмдэглэн хэлсэн байна.

Мөн тэрбээр, "аймшигт дайнд амиа алдсан гэм зэмгүй хүмүүсийг ард иргэд дурсан санаж байгаа бөгөөд тэдний амссан зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Хоришима хотод амиа алдсан хүмүүс энгийн иргэд байсан. Тэд дайныг хүсдэггүй. Шинжлэх ухааны гайхамшгийг амьдралыг устгахад биш, харин амьдралыг сайжруулахад ашиглах хэрэгтэй. Энэ цэцэн ухааныг өөртөө тусган авсан удирдагчид, орнууд Хирошимад болсон сургамжийг давтахгүй юм" гэж хэлжээ.

Д.Нямтулга

関連ニュース