Владимир Путин Грект айлчиллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАФИН. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Грект ажлын айлчлал хийсэн нь хоёр улсын олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх алхам боллоо.
В.Путин 10 орчим жилийн дараа Грект дахин айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзсан байна.
Хоёр улсын удирдагчид эрчим хүч, аялал жуулчлал, технологи, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэд хэдэн хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүний дараагаар Путин Афин хотын музейд зочилсон байна. Мөн тэрбээр өнөөдөр “Гэгээн Афон”-ы сүмээр зочлох ажээ.
Путиний Грект хийж байгаа айлчлал нь маш чухал бөгөөд үүнээс зөвхөн эерэг үн дүн гарах юм гэж Грекийн Олон улсын эдийн засгийн харилцааны асуудал хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Димитрис Мардас мэдэгдсэн байна.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өнгөрсөн онд, Ерөнхийлөгч Прокопис Павлопулос өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-д айлчлал хийсэнтэй холбогдуулан болон Грек-ОХУ-ын соёлын хамтын ажиллагаа 2016 хөтөлбөрийн хүрээнд Путин Грект айлчилжээ.
Грекийн Засгийн газраас мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Путиний айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлж, Оросын хөрөнгө оруулагчдыг татаж, Грекийн хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг дэмжих асуудлуудыг хэлэлцсэн байна.
Д.Нямтулга