"Талибан" Афганистаны Кундуз хотыг булаан эзэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАБУЛ. /Reuters/. Афганистаны хойд нутгийн стратегийн ач холбогдол бүхий Кундуз хотыг “Талибан” бүлэглэлийн босогчид өчигдөр булаан эзэлжээ.
Афганистаны ДХЯ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “Талибан”-ы босогчид өчигдөр үүр цайхаас өмнө тус хот руу халдан дөрвөн иргэн, хоёр цагдааг хөнөөсөн байна. Тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн “Талибан”-ы 25 гишүүнийг устгажээ.
Тус улсын телевизийн мэдээлснээр, халдагчид мужийн захиргааны байр, банк болон шоронг булаан эзэлсэн байна.
“Талибан”-ыхан тус хотын төвийг булаан эзэлснийг Афганистаны ДХЯ болон арми мөн хүлээн зөвшөөрсөн юм.
2001 онд “Талибан”-ы засгийн газар нурснаас хойш Афганистаны нэг ч томоохон хот босогчдын гарт ороогүй байсан билээ.
Сүүлийн хэрэг нь өнгөрсөн онд ерөнхийлөгч болсноосоо хойш аюулгүй байдлыг сэргээхээр оролдож буй Ашраф Ганийн засгийн газарт бас нэг цохилт боллоо.
Г.Доржханд
コメント