Обама “Лалын улс”-ыг устгах болон буу зэвсгийн хэрэглээнд хяналт тавихыг чухалчиллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Лалын улс” бүлэглэлийг устгах болон Америкт аюулгүй тайван орчныг бүрдүүлэх үүднээс буу зэвсгэнд тавих хяналтыг улам чангатгах талаарх өөрийн санал бодлыг дахин илэрхийллээ.
"Лалын улс" зэвсэгт бүлэглэлийн эсрэг авах арга хэмжээг хэлэлцсэн Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлын дараа тэрбээр мягмар гарагт үг хэлсэн байна. Тэрбээр мөн Флорида муж улсын Орландо хот дахь шөнийн клубт болсон аймшигт халдлагын талаар ярьжээ. Орландод болсон уг халдлагыг хилийн чанад дахь террорист бүлэглэлүүд зохион байгуулсан эсэхийг нотлох баримт одоогоор алга байна.
Обама хэлэхдээ “уг халдлагыг үйлдсэн этгээд интернетээр дамжуулан хэт давруу үзлийн суртал ухуулгын шинжтэй мэдээллийг авч байсан нь илт байна” гэжээ. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ "ганцаараа ажилладаг террорист эсвэл терроризмын жижиг үүр уурхайг илрүүлж, халдлагаас урьдчилан сэргийлэхэд хэцүү байдаг. Засгийн газар энэ мэт халдлагуудыг таслан зогсоохын тулд өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч болох бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
Обама “Лалын улс” бүлэглэлийг устгана гэсэн өөрийн шийдвэрийг дахин онцлоод, энэ тэмцэл нь хүнд хэцүү боловч томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг дурдлаа. "Орландод гарсан халдлага шиг ийм эмгэнэлт хэргүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд буу зэвсгийг хэрэглэхэд хатуу хяналт тавих хэрэгтэй" хэмээн Америкийн Ерөнхийлөгч онцлон хэлсэн байна.
Х.Сарнай